
Мэдээлэл
- Нүүр
- -
- Мэдээ мэдээлэл
- -
- Мэдээлэл

09 Oct
Гаалийн лабораторийн шинжээчдэд зориулсан ахисан түвшний сургалтыг амжилттай зохион байгууллаа.
“Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг сайжруулах” төслийн хүрээнд Гаалийн төв болон салбар лабораториудын шинжээчдэд зориулсан “Лабораторийн шинжээчдэд зориулсан ахисан түвшний сургалт”-ыг Инно Хими Лаб ХХК-ийн химич, мэргэжилтнүүд гэрээний үндсэн дээр зохион байгуулж, 2026 оны 10 дугаар сарын 09-ний өдөр сургалтад хамрагдсан оролцогчдод сертификат гардууллаа.
Тус сургалт нь Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй төслийн зорилго, хүнсний аюулгүй байдлын хяналт, лабораторийн шинжилгээний чадавхыг бэхжүүлэх хэрэгцээ шаардлагатай уялдсан юм.


ОНОЛ, ДАДЛАГЫГ ХОСЛУУЛСАН АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ
2026 оны 09 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 09-ний өдрүүдэд зохион байгуулагдсан сургалтад Гаалийн төв лаборатори болон Баян-Өлгий, Дорнод аймаг, Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын салбар лабораториудын шинжээч-гаалийн улсын байцаагчид хамрагдлаа.
Сургалтын хүрээнд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, эрүүл ахуйн үзүүлэлтийг тодорхойлох орчин үеийн шинжилгээний арга, аргачлал, лабораторийн тоног төхөөрөмжийн ашиглалт, шинжилгээний үр дүнгийн чанарын баталгаажуулалтын талаар онолын мэдлэг олгохын зэрэгцээ лабораторийн орчинд дадлага ажил хийж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх боломжийг бүрдүүлэв.
Сургалтаар дараах шинжилгээний тоног төхөөрөмжүүдэд онцгойлон анхаарч, онолын мэдлэгийг бодит ажиллагаатай уялдуулан эзэмшүүллээ. Үүнд:
- GC-MS (Хийн хроматограф-масс спектрометр) – хүнсний бүтээгдэхүүн дэх органик нэгдэл, бохирдуулагчийн шинжилгээний зарчим, тоног төхөөрөмжийн ажиллагаа;
- HPLC (Өндөр мэдрэмжит шингэний хроматограф) – хүнсний бүтээгдэхүүний найрлага, химийн үзүүлэлтийг тодорхойлох хроматографийн арга;
- AAS (Атом шингээлтийн спектрометр) – хүнсний бүтээгдэхүүн болон бусад сорьц дахь металлын агуулгыг тодорхойлох шинжилгээний зарчим, аргачлал.
Оролцогчид тоног төхөөрөмжийн бүтэц, ажиллах зарчимтай танилцахаас эхлээд шинжилгээний ажлын дараалал, программ хангамжийн хэрэглээ, өгөгдөл боловсруулах, үр дүнг үнэлэх зэрэг практик ур чадварыг эзэмшихэд чиглэсэн сургалтад хамрагдав.
ЛАБОРАТОРИЙН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭН ХАМТЫН АЖИЛЛАГАА
Лабораторийн шинжилгээний үр дүн нь хүнсний аюулгүй байдлын хяналт, эрсдэлийн үнэлгээ, шийдвэр гаргалтад чухал үүрэгтэй. Иймд орчин үеийн аналитик тоног төхөөрөмжийг зөв ашиглах, шинжилгээний аргачлалыг мөрдөх, үр дүнгийн найдвартай байдлыг хангах мэдлэг, ур чадвар нь лабораторийн өдөр тутмын үйл ажиллагааны салшгүй хэсэг юм.
Инно Хими Лаб ХХК нь лабораторийн тоног төхөөрөмж, химийн урвалж, аналитик технологийн чиглэлээр мэргэжлийн мэдлэг, техникийн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ лабораторийн мэргэжилтнүүдийн чадавхыг хөгжүүлэх сургалт, зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлж ирсэн.
Энэхүү сургалт нь гаалийн лабораториудын шинжилгээний чадавхыг бэхжүүлэх, орчин үеийн тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах, мэргэжилтнүүдийн практик ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн чухал хамтын ажиллагаа боллоо.
Инно Хими Лаб ХХК нь лабораторийн салбарын тогтвортой хөгжил, шинжилгээний чанар, хүнсний аюулгүй байдлыг дэмжих чиглэлээр мэргэжлийн сургалт, технологийн шийдэл, техникийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэн хөгжүүлэх болно.
Инно Хими Лаб ХХК
Шинжлэх ухаан, технологид суурилсан найдвартай лабораторийн шийдэл.




