
Мэдээлэл
- Нүүр
- -
- Мэдээ мэдээлэл
- -
- Мэдээлэл

28 Aug
RP-HPLC-д метанол ба ацетонитрил яагаад хамгийн өргөн хэрэглэгддэг вэ?
RP-HPLC буюу С18, С8, С4 болон фенил багана ашигладаг HPLC-ийн хөдөлгөөнт фазын уусгагчаар яагаад метанол ба ацетонитрилийг голчлон ашигладаг вэ?
Хүнс, эм, хүрээлэн буй орчны шинжилгээний салбарт нарийвчлал сайтай, давтагдахуйц(тохирц), аналитик үр дүнг найдвартай баталгаажуулах нь бидний өдөр тутмын эрхэм зорилгын нэг хэсэг юм. Үүнд хүрэх гол хүчин зүйлүүдийн нэг нь урвуу фазын өндөр гүйцэтгэлтэй шингэний хроматографийн (RP-HPLC) хөдөлгөөнт фазын сонголт бөгөөд метанол (MeOH) ба ацетонитрил (ACN) хэмээх 2 уусгагчийг голчлон ашигладаг.
☞ Яагаад энэ хоёр гэж?
1. Туйлшрал ба нийцэмж: MeOH ба ACN аль аль нь RP-HPLC-ийн универсал уусгагч болох устай жигд холилддог туйлт органик уусгагчид юм. Энэхүү нийцэмж нь шинжилж буй аналитын туйлшрал дээр үндэслэн градиент эсвэл изократ элюцлэх аргын аль алинд нь ашиглах боломжтой.
2. Элюцлэх хүч: Ацетонитрил нь элюцлэх чадвар илүү өндөртэй тул шинжилгээг илүү хурдан гүйцэтгэхийн сацуу илүү хурц шовх оройтой пик үүсгэдэг. Иймд төрөл бүрийн шинжилгээг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх боломжтой байдаг. Харин метанол нь элюцлэх чадвар бага хэдий ч зарим шинжилгээнд илүү сайн сонгомол шинж чанартайгаас гадна шинжилгээний өртөгт зардал багатай юм.
3. Хэт ягаан туяаны шингээлт бага
◑ ACN: ~190 нм,
◑ MeOH: ~205 нм
Энэ нь тэдгээрийг хэт ягаан туяаны мужид гүйцэтгэдэг шинжилгээнд нэн тохиромжтой болгодог. Жишээлбэл альдегидууд, кетонууд, нимбэгний хүчил, витамин Б7 зэрэг зарим органик нэгдлүүд 205-215 нм-ийн хэт ягаан туяаны мужид шингээлт өгдөг тул метанолоос илүүтэй ацетонитрил үр дүнтэй байдаг, харин хлорт органикууд, пигментүүд, тосонд уусдаг витамин, полиароматик нэгдлүүдийн шингээлт өндөр учир метанолыг ашиглаж болдог.
4. Зуурамтгай чанар: Зуурамтгай чанар бага тул HPLC баганад үүсэх буцах даралтыг бууруулж, урсгалын хурдыг жигд болгодог. ACN нь MeOH-ээс бага зуурамтгай чанар бөгөөд энэ нь илүү удаан шинжилгээнд эсвэл эмзэг баганатай ажиллахад тохиромжтой.
5. Өндөр цэвэршилт: Хоёр уусгагч нь HPLC зэрэглэлд бэлэн байдаг ба энэ нь суурь шугамын чимээг хамгийн бага үзүүлдэг тул тоон болон чанарын шинжилгээнд нэн тохиромжтой болгодог.