
Мэдээлэл
- Нүүр
- -
- Мэдээ мэдээлэл
- -
- Мэдээлэл

13 Aug
Шингэний хроматографийн баганыг хэрхэн хадгалах вэ?
Буруу хадгалсан HPLC баганууд нь дараах шалтгаанууын улмаас бүтээмжийнхээ 30-60%-ийг 3 сарын дотор алддаг тул зөв зохистой хадгалах талаар дараах жижигхэн зөвлөгөөг хүргэж байна:
1. Хадгалалтын явцад баганын элэгдэл, гэмтэл үүсэх цаад шалтгаан
Суурин фазын задрал
Цахиурт суурилсан фазууд нь рН<2 эсвэл >8-д гидролизд орж, 5-20 нм хэмжээтэй нүх сүвийн согог үүсгэдэг.
С18 багануудын хувьд усанд хадгалах нь ацетонитрилд хадгалснаас илүүтэй задрал 400%-иар нэмэгддэг (J. Chromatogr. A, 2022)
Биологийн бохирдол
Буфер усан уусмал дахь бичил биетэн үржиж эндотоксин үүсгэснээр Баганы фритыг бөглөх (даралтыг 40-60% нэмэгдүүлдэг)
Бичил биетийн бодисын солилцоогоор ATФ(аденозин трифосфат)-ын задралын дайвар бүтээгдэхүүн нь 210 нм долгионы уртад сүнсэн Пикийг бий болгодог. Өөрөөр хэлбэл детекторт эдгээрийн үлдэгдэл байнга баригдаж пик хэлбэрээр гарч шинжилгээнд саад болох нөлөө үзүүлж болзошгүй юм
Металын хелат үүсгэх
EDTA агуулсан хөдөлгөөнт фазууд нь зэвэрдэггүй ган эд ангийн материалыг уусгадаг (Fe³⁺ түвшин >50ppb тохиолдолд пикийн тэгш хэмийг 0.2-0.5 дахин бууруулдаг)
2. Баганын төрлөөр хадгалах нөхцлүүд
А. Урвуу фазын багана (C18, C8, Фенил төрлийн)
Богино хугацаанд (<72 цаг): метанол/усны 90:10 харьцаатай холимог уусмалаар баганы эзэлхүүний (CV) хэмжээгээр 20 удаа угаана. Жич: Баганы эзэлхүүн 1 мл бол 20 мл бэлдсэн холимогоор угаах
Урсгалын хурдыг 150 мм х 4.6 мм баганы хувьд 0.5 мл/мин дээр барих
Урт хугацаанд: 100%-ийн ацетонитрилд (HILIC фазын хувьд метанолд) хадгална.
PTFE таглаагаар сайтар битүүмжлэж таглах (полиэтилен тагаар таглаж болохгүй учир нь уусгагчийг шингээж хөөхөөс гадна полиэтилений задрал явагдаж уусалт явагддаг)
B. Ион солилцооны багана:
Шийдвэрлэх алхамууд:
Баганад үлдсэн давсны үлдэгдлийг 50 баганы эзэлхүүн (CV) бүхий ионгүйжүүлсэн усаар зайлуулж угаана.
Үл хөдөлгөөнт фазын задрал явагдах эсвэл үл хөдөлгөөнт фаз хатахаас сэргийлж 0.1M NaCl агуулсан 20%-ийн этанол гүйлгэж хадгална
Ион солилцооны баганыг 4°С хэмд (хөргөгчинд) хадгалснаар нянгийн өсөлтийг 90%-иар бууруулдаг.
C. Ердийн фазын багана:
Гексаныг терт-бутил метилийн эфирээр солих (хоруу чанар багатай)
Цахиурын фаз идэвхжихээс сэргийлж 5%-ийн триэтиламин нэмж болно.
3. Температурын хяналт
Анхаарах хүчин зүйлс
Хүйтэнд хадгалах эрсдэл: Тэг хэмээс доош температурт фазын шилжилт явагдах ба уусгагч 9%-иар тэлэх (багана хагарах, сүвэрхэг материалд ан цав гарах эрсдэлтэй)
Цахиурын исэл 0.3μm/мм/°C-т агших (фрит гажих)
Дээрх нөхцлүүд үүсэхээс сэргийлж зураг 2-т үзүүлсэн нөхцлийг баримтлавал зохистой
4. Хадгалалтын дараа дахин идэвхжүүлэх
Удаан хадгалсан баганыг дахин ажиллагаанд оруулахын тулд дараах шаталсан арга аргачлалыг ашиглана:
Зайлах дараалал: Хадгалах уусгагчаар баганы эзэлхүүний(CV) хэмжээгээр 10 удаа → завсрын уусгагчаар 5 удаа (Урвуу фазын/RP-д зориулсан изопропанол) → эцсийн шатанд хөдөлгөөнт фазаар баганыг баганы эзэлхүүний(CV) хэмжээгээр 15 удаа зайлж угаана.
Градиентийн горим: зуурамтгай чанарын өөрчлөлтийг тохируул (η<3cP өөрчлөлт)
Даралтын өсөлт: Ердийн урсгалын 50% -иас эхэлж, зорилтот даралт хүртэл 20%/мин нэмэгдүүлнэ.
Гүйцэтгэлийн баталгаажуулалт: USP-ийн шаардлагын дагуу сүүл үүсгэх факторын (Tailing factor) хольцоор турших (<2.0 байх ёстой)
Хроматографийн баганы тавгийн тооны сэргээгдэх чадварыг (Recovery) шалгана (үйлдвэрлэгчийн заасан утгын 85% > байх ёстой)
5. Практик шийдлүүд: Баганын хадгалалтад гарах алдаа ба шийдлүүд
Тохиолдол 1: Дор хаяж 6 сар хадгалсны дараа пик хамгийн их хуваагдана
Үндсэн шалтгаан: TFA-ээс 0.1% агуулсан метанолд хадгалагдсанаар нүх сүвэнд трифторацетатын талсжилт үүсдэг
Шийдэл: Аммонийн ацетат (1М, рН5) болон ацетонирилийн 50:50-ийн холимогоор баганыг баганы эзэлхүүний хэмжээгээр(CV) 50 удаа угаана.
Тохиолдол 2: Буцах даралт 80%-иар нэмэгдэх
Оношлогоо: Инхэнх тохиолдолд ацетонитрил/усанд(90:10) хадгалагдсан HILIC баганад био хальс үүсэх
Сэргээх: 60°C-ийн халуунтай изопропанолоор баганы эзэлхүүний хэмжээгээр 10 удаа угааж, дараа нь 0.1M NaOH-ийн уусмалаар 5 удаа угаана.
6. Хадгалах дэвшилтэт арга техник
Инертийн хийн тусламжтай:
Хадгалах уусгагчид буй хүчилтөрөгчийг аргон хийгээр үлээлгэж зайлуулах замаар исэлдэлтийг дараах байдлаар бууруулдаг.
Фенол фазтай баганыг 70%, цахиурт баганыг 45% хүртэл
Вакуум битүүмжлэх
Тусгай зориулалтын камерт 0.1 атм (2мкм-ээс бага нүх сүвтэй баганы фазын нуралтаас сэргийлдэг)
Крио хадгалалт
Эсрэгбиеийн баганын хувьд: PBS-ийн 30% глицерин
Температурын тохируулгатай тусгай зориулалтын камерт -1°C/мин нарийвчлалтай хөлдөөх (мөсөн талст гэмтэхээс сэргийлнэ)
7. Үйлдвэрлэгчийн тусгайлсан зөвлөмжүүд
Waters: "Сар бүр баганыг шинэ ацетонитрилд сэлгэн хадгална" (XTerra MSDS)
Agilent: "ZORBAX багануудыг хадгалах органик уусгагчийн 5%-д нь ус байх шаардлагатай" Phenomenex: 10% этилен гликолтой “Luna” багана нь -20 хэмд тэсвэрлэдэг.
САНАМЖ:
Хадгалахаасаа өмнө (шөнийн цагаар ч гэсэн) усан фазыг гүйлгэж зайлуулах хэрэгтэй.
Хадгалалтын өмнөх зайлах болон угаах явцыг аналитик урсгалын хурдаар гүйцэтгэнэ: Температурын шилжилтийн эсхүл хэлбэлзлийн үед баганын тоноглолыг (ялангуяа PEEK холбогч эд ангиуд) шалгах
Хадгалалтын дараа гүйцэтгэлийн алдагдал >15%-иас их буй багануудыг солих талаар бодохын өмнө ASTM E2857-19 стандартын дагуу дахин сэргээх гэж оролдож үз:
Жич: Баганы эзэлхүүний хэмжээг хэрхэн тооцоолохыг https://www.silicycle.com/.../hplc-column-volume-calculator эсхүл цилиндрийн геометрийн тэгштгэл болох V = Πr2h дагуу тооцоолно.
Жишээ нь 150 x 4.6 мм хэмжээтэй i.d. багана, h (өндөр) = L (урт) = 150 мм, r (радиус) = 0.5dc (баганын диаметр = 4.6 мм), (Π)(150)(4.6/2)2 = 2493 мм2 = 2493 мкЛ ≈ 2.5 мл-ийн хэмжээтэй уусгагч шаардлагатай хэдий ч 2.5 мл нь хроматографийн баганын цэвэр эзэлхүүн биш, учир нь энэ нь жижиг хэсгүүдээр дүүргэсэн байх ба жижиг хэсгүүд нь хэсгүүд нь хоорондоо зайтай, мөн сүвэрхэг байдаг тул ихэнх HPLC баганын хувьд энэ хэмжээ нь хоосон баганын эзлэхүүний 60-70%-ийг төлөөлүүлдэг.
Иймд 2.5 mL x 60% = 1.5 mL уусгагч шаардлагатай ба 20 баганы эзэлхүүн гэж заасан тохиолдолд 30 мл уусгагчаар тухайн баганыг угаана гэсэн үг.