
Мэдээлэл
- Нүүр
- -
- Мэдээ мэдээлэл
- -
- Мэдээлэл

25 Sep
Ус цэвэрлэгээний процесст рН хяналтын ач холбогдол
Химийн шинжилгээнд төдийгүй хүнс, усны үйлдвэрлэл, цэвэршүүлэх технологийн салбарт нэн тэргүүнд рН-ийг хянах, тохируулах нь бүтээмж болон процессийг хэвийн явуулах хамгийн чухал физик үзүүлэлтийн нэг юм. Жишээ нь ус цэвэршүүлэх, бохир ус цэвэрлэгээний бараг бүх химийн болон биологийн процесст нөлөөлдөг учир рН-ийг хянах нь яагаад чухал вэ гэдгийг товч дурьдая ![]()

1. Химийн цэвэрлэгээнийн бүтээмж
Коагуляци ба флоккуляци: Алюм(XAl(SO4)2·12H2O), төмрийн хлорид, PAC зэрэг химийн бодисууд нь зөвхөн тодорхой рН-ийн хүрээнд сайн ажилладаг. Жишээ: Алюм нь рН 6-7-ийн хооронд, PAC нь 6.5-8.5 хамгийн сайн ажилладаг. Зарим ном зохиолуудад PAC-ыг 5.5-9 гэх нь ч бий.
Халдваргүйжүүлэлт: Хлорын халдваргүйжүүлэлт рН 6-7.5-д хамгийн үр дүнтэй гэдэг. Энэ нь хлор устай харилцан үйлчлэлцэж бичил биетнийг хүчтэй исэлдүүлэгч шинж чанартай Гипохлорын хүчил үүсгэдэгтэй нь холбоотой. Харин рН 7.5-аас цааш нэмэгдэх тусам хлор нь үр дүн багатай гипохлоритын ион болж хувирдаг. Гипохлорит ион нь байгалийн органик бодистой хялбархан урвалд орж амьд организмд сөрөг нөлөөтэй хлорт органик нэгдэл үүсгэдэг аж. Озон ба хэт ягаан туяаны халдваргүйжүүлэх бүтээмж нь мөн рН-ээс хамаардаг.
2. Металлын уусалт ба тунадасжилт
Хүнд металлууд (Fe, Mn, Pb, Cd, Zn гэх мэт) нь рН бага үед илүү ууссан төлөвт оршдог бол ба өндөр рН-д тунадасждаг. Хэрэв рН-ийг хянахгүй эсхүл орчныг тохируулахгүй бол →цэвэрлэгээний үед металууд ууссан төлөвт хэвээр үлдэж, бохирдол үүсгэж болзошгүй.
3. Биологийн цэвэрлэгээ
Идэвхжүүлсэн лаг, MBR, MBBR, анаеробик орчны аль алинд бичил биетнүүдийн үйл ажиллагаанд рН тогтвортой байх шаардлагатай байдаг. Зохистой хязгаар: 6.5 - 8.5. Хэт хүчиллэг (бага рН) → бичил биетний өсөлтийг дарангуйлдаг бол хэт шүлтлэг (өндөр рН) орчинд→ эсийн бодисын солилцоо болох энзимийг гэмтээдэг. Иймд бохир цэвэрлэгээний процесст хүчиллэг шинжтэй ус нь хүнд металыг ууссан төлөвт шилжүүлж бичил биетнүүдийг өсөлт хөгжил, үржлийг дарангуйлж эхэлдэг.
4. Зэврэлт ба хаг
Бага рН (хүчиллэг ус): Исэлдүүлэгч буюу зэврүүлэгч шинж чанар → хоолой, насос, мембраныг гэмтээдэг бол өндөр рН (шүлтлэг ус)-ийн үед хаг үүсгэж хуримтлагдан (CaCO₃, Mg(OH)₂ тунадас) → системийг бөглөрүүлдэг.
Товчхондоо рН хэт бага (хүчиллэг): Зэврэлт, коагуляци муу, бичил биетнүүдэд хортой бол рН хэт өндөр (шүлтлэг): хаг үүсч өнгөр тогтох, халдваргүйжүүлэлт муу, металлыг зайлуулах цэвэрлэгээ хангалтгүй явагдах зэрэг.
Иймд ус цэвэрлэгээний бүхий л процессийг зохистой, үр ашигтай, аюулгүй байлгая гэвэл рН-ийг хянах эсхүл тохируулах шаардлагатай.



